Монгол түүхээрээ, энэ түүхийг бүтээсэн ард түмнээрээ бахархах өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн саналыг үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр тэмдэглэж байхаар болсон билээ.